Даваа - Баасан 09:00-18:00 +976 9339-7676
Даваа - Баасан 09:00-18:00 +976 9339-7676

“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг СЭЗИС-ийн оюутан, залуучуудад зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал өдөрлөгийг нээж  “Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлт, хөгжлийг нэмэгдүүлэх, хамтрсан судалгаа, шинжилгээ хийх, бодлого зөвлөмж гаргах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд СЭЗДС-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаас хойш нэлээдгүй олон ажлыг хамтран хэрэгжүүлээд байна. Тухайлбал, хорооны дэргэдэх үнэт цаасны зах зээлийн болон мөнгөн зээлийн мөн сэндбоксын бодлогын зөвлөлд СЭЗИС-ийн эрдэмтэн багш нар оролцож, салбарын бодлого тодорхойлох, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад мэдлэг, туршлага, оюун ухаанаа зориулан ажиллаж байгааг оюутан залуустаа дуулгахад таатай байна. Мөн бүхий л салбарт технологийн дэвшил гүнзгий нэвтэрч байгаатай холбоотойгоор эрсдэлийн түвшин, хүчин зүйл, эрсдэл даах чадвар, мэдрэмтгий байдлыг тооцоолох шинжилгээг хамтран хийх, үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, тэр дундаа бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро түвшний хүчин зүйлс болон бусад судалгаа, шинжилгээг хамтран хийхээр ажиллаж байна. Ялангуяа салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны болон салбар дундын судалгаанд ахисан түвшний оюутнуудыг оролцуулах, төсөл хөтөлбөр, олон талт зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа тул энэхүү өдөрлөгт оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж оюутан залуусын дунд мэдлэг шалгах асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн салбарын буюу үнэт цаасны, даатгалын компаниуд болон мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа танилцуулах, ажлын байр танилцуулах арга хэмжээ боллоо. Энэхүү өдөрлөг “Сити” их сургууль дээр энэ сарын 29-нд, МУИС-ын Бизнесийн сургууль дээр ирэх тавдугаар сарын 5-ны өдөр тус тус үргэлжилнэ.