ЯПОН, БНСУ-ЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, дэд дарга Т.Цэрэнбадрал Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дарга Такаши Хибино, БНСУ-ын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дарга ноён Со Юү Сок болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг таниулах, Япон, БНСУ-ын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын компаниудад хөрөнгө татах боломжийг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүрээнд санал солилцлоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, дэд дарга Т.Цэрэнбадрал “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шат ахиулах, бүс нутагтаа таниулах өндөр ач холбогдолтой үйл ажиллагааны нэг болсон Азийн үнэт цаасны холбоодын 30 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо амжилттай болж, бидний хамтын ажиллагааг улам бататгаж, бас нэгэн ахиц дэвшил авчрах гүүр болсонд баяртай байна. Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн санхүүгийн салбарт идэвхтэй, хүчтэй тоглогч болж гарч ирсэн. Ялангуяа Япон, БНСУ зэрэг орны салбарын мэргэжлийн холбоод энэ чиглэлд илүү манлайлагчийн байр суурьтай байгааг онцоллоо. Мөн тэрбээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хамтран “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд манай улсын хөрөнгийн зах зээлийн идэвхжилд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлснийг тэмдэглэхийн зэрэгцээ уг хамтын ажиллагаанд талархал илэрхийлье гэсэн” юм.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын санхүүгийн төвүүдтэй холбох, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээг Хонгконг, Шанхай, Нью Йорк, Сингапур зэрэг хотуудад, өнгөрсөн онд БНСУ-д амжилттай зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд хамтран ажилласан БНСУ-ын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд талархснаа илэрхийлэв. Уг арга хэмжээг ирэх аравдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 2026 онд Япон Улсад хийхээр төлөвлөсөн талаар танилцуулахад Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дарга Такаши Хибино уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэлээ.