САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.08.07) зохион байгууллаа. Төсвийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголын ББСБ-уудын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо, Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зах зээлийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо  зэрэг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга С.Цогтгэрэл 2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, төсвийн төслийн талаар мэдээлэл, танилцуулгыг хийлээ.  Санхүүгийн зохицуулах хороо нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарсан. Мөн шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хяналт шалгалт, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгээр оролцогч талуудын асуултад Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, санал солилцлоо. Санхүүгийн зохицуулах хорооны 2027 оны төсвийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлнэ.