Бруней Даруссалам Улсад энэ оны 7-р сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ийн 28 дахь удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Н.Хүдэрчулуун тэргүүтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд Монгол улсыг төлөөлөн оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтад 42 орны 380 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд зохион байгуулагч орны урилгаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны дарга У.Ганчимэг ФАТФ-аас Монгол улсад өгсөн үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлж, саарал жагсаалтаас гарсны дараа олон улсын хяналтын бүлгийн үнэлгээчнээр ажиллаж байгаа туршлагын талаар панел хэлэлцүүлэгт оролцож бүс нутгийн хэмжээнд өөрсдийн байр суурийг бэхжүүллээ. Мөн чуулга уулзалтаар АНДМУТБ-ийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд тэргүүлэх чиглэлүүдийг баталсан ба худалдаанд суурилсан мөнгө угаах шинэ типологийн төслийг эхлүүлснийг мэдэгдэж, ял шийтгэлгүйгээр хөрөнгө хураах механизмыг онцлон хэлэлцэв.

Хуралдаанаар АНДМУТБ-ээс улс орнуудад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх харилцан үнэлгээг шинэчилсэн аргачлалаар хэрэгжүүлэх болсонтой холбоотой мэдээлэл өгөв. Тус бүсээс Малайз, Сингапур болон Канад Улсуудын харилцан үнэлгээний тайланг танилцуулж гишүүн орнуудаар хэлэлцүүлж амжилттай батлуулсан ба Малайз Улс харилцан үнэлгээнд бэлтгэсэн туршлагаасаа оролцогчдод хуваалцлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос Малайз Улсын 5 дахь шатны харилцан үнэлгээний туршлагаа Монгол улсад хуваалцах хүсэлтийг тавьсны үр дүнд тус улсын Төв банкны төлөөлөл 2025 оны 12 дугаар сард манай улсын МУТСТ хянан шалгагчдад мэдээлэл өгч сургалт зохион байгуулсан юм. (www.frc.mn/#/view/10247)
Мөн энэхүү ээлжит хуралдаанаар хүн ам цөөтэй, олон улсын санхүүгийн системд нөлөө бүхий биш, бага эдийн засагтай арлын улс орнуудыг эрсдэлд суурилсан хэлбэрээр үнэлэх шийдвэрийг гаргав. Үүний сацуу АНДМУТБ-ийн 26 гишүүн улс болон 13 техникийн туслалцааны донор, хэрэгжүүлэгч байгууллага оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн зохицуулалт, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэлэлцэв.

