ББСБ-ын хэрэглээний зээлийн шаардлагад өөрчлөлт оруулав

Банк бус санхүүгийн байгууллагаас /ББСБ/ олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт оруулсан талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй  шаардлагатай гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороо дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байх;
  • Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх.

Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой гэж үзжээ.