Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэдийн санхүүгийн мэдлэг боловсрол, оролцоо чухал үүрэгтэй. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо олон нийтэд санхүүгийн боловсрол, мэдлэг түгээх сургалт хэлэлцүүлгийг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох замаар ирээдүйд санхүүгийн зохистой шийдвэр гаргадаг, эрсдэлийг үнэлэх чадвартай иргэнийг бий болгож төлөвшүүлэх зорилгоор нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд үндэсний бичиг болон англи хэлэнд хөрвүүлсэн санхүүгийн салбарын суурь үгс бүхий гарын авлагыг сурагчдад хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээж эхлээд байна. Мөн гарын авлагаар дамжуулж санхүүгийн мэдлэг олгох, санхүүгийн үг хэллэгийг таниулах зорилгоор нийт ахлах ангийн сурагчдын дунд “Санхүүгийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд үндэсний бичгээр хамгийн олон санхүүгийн үг ашигласан утга төгөлдөр өгүүлбэртэй эх бичлэгийн уралдааныг зарлаад байна. Ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулж буй уралдааны ялагчийг найруулга, үгийн сонголт болон хамгийн олон санхүүгийн үг хэллэг ашигласан байдлыг харгалзан шалгаруулах юм. Оролцогчид уралдааны бүтээлээ training@frc.mn мэйл хаягаар ирүүлэх бөгөөд ялагч “Level-Up” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр тодорно.
Гарын авлагатай зурган дээрх QR кодыг уншуулж танилцана уу.
