“САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2025-06-13нд боллоо. Хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн баталлаа. Тодруулбал шинэчилсэн дэгийн дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тухайн оны хуралдааны товыг батлах бөгөөд ингэснээр нийт хуралдааны тов компаниуд, олон нийтэд нээлттэй, ил тод болж байна.

Мөн хуралдаанаар нэр бүхий хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон нэг компанийн нэгж эрхийн танилцуулгыг, мөн нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэхээр, хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг, нэг компанийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Түүнчлэн нэг компанид үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх болон банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах энгийн зөвшөөрлийг тус тус нэг нэг компанид, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хадгаламж, зээлийн хоршоонд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм. Мөн нэр бүхий 1538 даатгалын төлөөлөгчдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

ЭХ СУРВАЛЖ: www.frc.mn