БЛОКЧЕЙН СУУРЬТАЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭЧЛЭЛЭЭ СИНГАПУРЫН ФИНТЕК ФЕСТИВАЛЬД ТАНИЛЦУУЛАВ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн Сингапурын финтек фестиваль 2025-д оролцож, “Блокчейн технологид суурилсан биржийн бус зах зээлийн арилжаа, төлбөр тооцооны шинэчлэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Монгол Улсын биржийн бус зах зээлийн арилжаа, төлбөр тооцоог блокчейн технологид бүрэн шилжүүлсэн шинэчлэлийн талаар танилцуулж, шийдлийн зорилго, тулгарсан сорилт, туршилтын үе шат болон хүрсэн бодит үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэхүү шинэчлэлийн үр дүнд биржийн бус зах зээлийн арилжааны төлбөр тооцоо түргэн, шуурхай хийгдэх, мөн өдрийн зургаан цагаар хязгаарлагддаг байсан арилжааг 24/5 тасралтгүй явуулах, хөрөнгө оруулагчдад бодит цагийн, ил тод, нээлттэй орчныг бий болж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монгол Улс энэхүү шийдлийг нэвтрүүлсэн дэлхийд анхдагч орнуудын нэг болж байна.

Мөн тэрээр энэ өөрчлөлт нь зөвхөн технологийн дэвшил төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсын түвшинд ойртуулах чухал алхам болохыг дурдаад, цаашдын зорилтуудыг танилцуулав.

Жил бүр зохион байгуулагддаг Сингапурын финтек фестиваль нь энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн 130 гаруй улсын бодлого боловсруулагч, төв банк, зохицуулагч байгууллага, финтек компани, хөрөнгө оруулагч болон салбарын төлөөллүүдийн 65 мянга гаруй оролцогчийг нэг дор цуглуулж, финтекийн салбарын сүүлийн үеийн технологи, дэвшил, чиг хандлага болон бодлого, зохицуулалтын онцлох шийдлүүдийг танилцуулж, хэлэлцэх боломжийг олгодог олон улсын томоохон арга хэмжээний нэг юм.